ШУТИС-ийн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн 55 жилийн ойд зориулсан “Эрчим хүч, үйлдвэрлэлийн экологийн судалгаа ба инноваци – 55 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо.
- Jun 26
- 1 min read
Тус хурлаар хүрээлэнгийн 55 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажлын үр дүн, ололт амжилтыг танилцуулж, эрчим хүч, дулаан хангамж, үйлдвэрлэлийн экологи, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжлийн чиглэлээр сүүлийн үеийн судалгааны ажлыг хэлэлцэж, мөн салбарын хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудал, цаашдын зорилт, хамтын ажиллагааны боломжийг тодорхойлох зорилгоор зохион байгуулсан юм.
Хурлыг Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал, академич Х.Энхжаргал нээж хэлсэн үгэндээ хүрээлэнгийн 55 жилийн түүхэн хөгжил, эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ололт амжилт, эрчим хүч, үйлдвэрлэлийн экологийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэв. Тэрбээр эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, цаашдын хөгжлийн бодлого, шинжлэх ухаан, технологи, инновацид суурилсан хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг тодотгон, эрдэмтэн, судлаачдад ажлын амжилт хүсэн ерөөв.
Хурлын үеэр нийт 30 орчим илтгэлийг аман болон ханын илтгэлийн хэлбэрээр хэлэлцүүлж, шилдэг илтгэл хэлэлцүүлсэн долоон судлаачийг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.
Ойн арга хэмжээнд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Б.Авид, ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор, профессор Д.Цолмонбаатар нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэн хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Мөн хүрээлэнгийн 55 жилийн ойг тохиолдуулан шинжлэх ухаан, боловсролын салбарт үр бүтээлтэй ажилласан академич С.Батмөнхийг ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагналаар, Үйлдвэрлэлийн экологийн салбарын эрхлэгч, доктор З.Баттогтох, Зуух туршилтын лабораторийн эрхлэгч, магистр Б.Батсүх-Очир нарыг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хүндэт жуух бичгээр шагнав.
ШУТИС-ийн проректор, профессор Д.Цолмонбаатар ДТҮЭХ-д цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зорилгоор 5 сая төгрөгийн грантын санхүүжилт олгохоор болсныг энэ үеэр мэдэгдлээ.




.png)